Технологийн чиглэлээр ирээдүйтэй карьер хийхийг мөрөөддөг өсвөр насныхан хэрэглээ нь улам бүр өсөн нэмэгдэж буй хиймэл оюунаар код үүсгэх хэрэгслүүдэд шимтэн, хиймэл оюуны ур чадвараа сайжруулах боломжийг ашиглах ёстой гэж хамгийн залуу тэрбумтан, 𝐒𝐜𝐚𝐥𝐞 𝐀𝐈-г үүсгэн байгуулагч Александр Ван хэлжээ.
Өнгөрсөн 9-р сарын 17-нд цацагдсан "𝐓𝐁𝐏𝐍" подкастын дугаарт орохдоо Ван "Чи хиймэл оюуны багаж хэрэгслүүдийг яаж хамгийн сайнаар ашиглах ёстойгоо мэдэх хэрэгтэй." гэжээ. Хүүхэд залуучуудад таны өгөх хамгийн сайн зөвлөгөө юу вэ гэхэд тэрээр "𝐕𝐢𝐛𝐞 𝐂𝐨𝐝𝐢𝐧𝐠 буюу хиймэл оюун ашиглаж код бичихийг сур" гэсэн.
Хиймэл оюун ашиглаж код бичих буюу "𝐕𝐢𝐛𝐞 𝐂𝐨𝐝𝐢𝐧𝐠" нь хиймэл оюунд команд, заавар өгөх замаар програм хангамжийн код бичүүлэх шинэ арга барил юм. 𝐑𝐞𝐩𝐥𝐢𝐭, 𝐂𝐮𝐫𝐬𝐨𝐫 зэрэг хиймэл оюуны кодчилолын програмууд нь компьютерийн инженерчлэлийн мэдлэггүй хүн ч гэсэн код бичих, шинэ програм бүтээх боломжийг олгодог.
Алекс Ван 2016 онд 𝐒𝐜𝐚𝐥𝐞 𝐀𝐈-г үүсгэн байгуулсан ба компаниа хамгийн сүүлд 29 тэрбум долларын үнэлгээтэй болгосон. Тэрээр "𝐕𝐢𝐛𝐞 𝐂𝐨𝐝𝐢𝐧𝐠 бол технологид гарч байгаа маш том өөрчлөлт бөгөөд хэрэв чи 10,000 цагийг хиймэл оюуны багаж хэрэгслүүдээр тоглож, тэдгээрийг хэрхэн бусад хүмүүсээс илүү сайн ашиглахаа олж мэдэхэд зарцуулвал маш том давуу тал болно" гэжээ.
Алекс Ван 𝐕𝐢𝐛𝐞 𝐂𝐨𝐝𝐢𝐧𝐠-ийг Билл Гэйтс шиг хүмүүс компьютер, програм хангамжийг эрт нэвтрүүлж байсан компьютерийн хувьсгалын эхэн үетэй жишиж ярьсан. Билл Гэйтс Сиэттлийн нэг компанитай санамсаргүй байдлаар тохиролцоонд хүрч, тус компанийн компьютерийг үнэгүй ашиглах боломжтой болсоны ачаар өсвөр насандаа гэрээсээ шөнөдөө нууцаар гарч програм хангамжийн код бичиж сурахад олон цагийг зарцуулдаг байсан. Энэ нь түүнд том амжилтанд хүрэх үүд хаалгыг нээсэн юм.
Ван өнөө үеийн өсвөр насныхан Гэйтсийн арга барилыг дагаж, 𝐕𝐢𝐛𝐞 𝐂𝐨𝐝𝐢𝐧𝐠-ийн хэрэглүүрүүдийг ашиглаж сурахад аль болох их цаг зарцуулах нь ухаалаг хэрэг болно гэж үзэж байна. Тэрээр подкастаар орохдоо "Тэр үе яг одоо давтагдаж байна. Хэрэв чи 13 настай бол бүх цагаа 𝐕𝐢𝐛𝐞 𝐂𝐨𝐝𝐢𝐧𝐠-д зарцуулах хэрэгтэй. Энэ чиний амьдрал болох ёстой." гэжээ.
Хиймэл оюуны код бичих чадвар ойрын таван жилийн дотор Ваныхтай зэрэгцэнэ.
𝐌𝐞𝐭𝐚 компани 𝐒𝐜𝐚𝐥𝐞 𝐀𝐈-г өнгөрсөн зургаадугаар сард худалдаж авсанаар Ван 3.2 тэрбум долларын хөрөнгөтэй болсон ба 𝐌𝐞𝐭𝐚-ийн 𝐀𝐈 хариуцсан захирал болсон. Ван том амжилт гаргаж, салбартаа хүндтэй байр суурь эзэлж буй. Тэрээр "Миний амьдралдаа бичсэн бүх кодыг ойрын таван жилийн дотор хиймэл оюуны загварын бичсэн код орлох боломжтой болно." гэж ярьжээ.
Хиймэл оюуны програмууд дэлхийн хамгийн шилдэг код бичигчдийг ч орлох боломжтой болж ирж буй нь програмчлалыг ирээдүйтэй ажил мэргэжил мөн эсэх талаар санаа зовниход хүргэж байна. Компаниуд хиймэл оюунаар код бичүүлэх хэрэглээгээ хэдийнэ нэмэгдүүлээд эхэлсэн ба зарим тохиолдолд хиймэл оюун програмистуудыг орлож эхлээд байна. Гэхдээ Ван болон тус салбарын хүмүүс өсвөр насны хүүхдүүд програмчлалын ур чадвартай болохын тулд хиймэл оюуны хэрэгслүүдтэй танилцах нь үнэ цэнэтэй гэдэгт итгэсэн хэвээр байна. Тэрээр "Код бичих нь хялбар болохын хэрээр улам олон хүн код бичдэг болох хэрэгтэй!" гэжээ.
Эх сурвалж: 𝐂𝐍𝐁𝐂